ХАВРЫН ИХ УЛСТӨР
Монголын цагаан сар, Мартын 8 гээд монголчуудын тэмдэглэж заншсан хаврын баярууд өнгөрлөө. Харин одоо хаврын халуухан улстөрүүд эхлэхээр хаалга тогшиж байна. Намууд, иргэний хөдөлгөөнүүд үйл явдлын өрнөлийг тодорхойлохоор яаравчилж байна. Жил бүрийн энэ үзэгдлийг хаврын синдром ч гэж нэрэлдэг. Гэхдээ энэ удаагынхыг ямар нэг нэр хоч өгөөд өнгөрөх нь ихэд хөнгөдсөн явдал болох нь ажиглагдаж байна. Цагаан сарын өмнөхөн АН-аас УИХ-дсонгогдсон гишүүд хийгээд АН-ын нөлөө бүхий улс төрчид Ардчилсан хүчний холбоог байгуулж, улс орноо сайжруулна /яаж? гэдэг нь тодорхойгүй/ гэж тунхаглалаа, харин хаврын баярын дараахан ҮШН үеэ өнгөрөөсөн үндсэн хуулийг өөрчилж, болохоо байсан улстөрийн тогтолцоогоо үндсээр нь өөрчлөх үндэсний хувьсгал хийх зорилтоо дэвшүүлэн тавилаа.
Төдөлгүй Батзандан, Магнай нар хэвлэл мэдээллээр цухалзан иргэний хөдөлгөөнүүдийн эвслийг байгуулж хаврын улстөрийг манлайлахаа мэдэгдэж, энэ сарын 10,11-ны өдрүүдэд Ардчилсан хүчний холбоо их хурлаа хийж, маргааш нь хөөрсөн олон түмнийг Магнай нар удирдан жагсаал цуглаанд турхирах нээ. Магнай, Батзандан нар мах комбинатын яргын хашаа руу малыг манлайлан авч ордог өндөр хар сэрх лугаа аашилж байна.
Яг үүнийг нотолсон үйл явдал 2008 оны 7дугаар сарын 1-нд болж байж билээ. 3 дугаар сарын 11-ны өдрийг түүхийн хуудаснаа мөшгин үзэхэд 1990 оны энэ өдөр Сүхбаатарын талбайд МоАХ-ноос зохион байгуулсан улстөрийн өлсгөлөн ялалтаар өндөрлөж, тэр үеийн МАХН-ын УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, монгол оронд олон намын системийг хүлээн зөвшөөрч, ардчилсан сонгууль явуулах улстөрийн зөвшилцөлд хүрч байжээ. Түүхтэй л өдөр байж. Харин энэ удаад яадаг бол. Гэрэл гэгээ туссан 1990 он давтагдах уу, эсвэл цуст мөртэй 2008 оны 7 сарын 1 давтагдах уу. 7 сарын 1, давтагдах магадлал их өндөр харагдаж байна. Яагаад гэдгийг хамтдаа эрэгцүүлье. 1990 оны 3 сарын 4-11 хооронд МоАХ –ноос улстөрийн өлсөглөн, жагсаал цуглааны арга хэлбэрээр тэр үеийн дангаар эрх баригч байсан МАХН-тай тэмцсэн. Тэр үед МоАХ өмнөө түүхэн том зорилтыг өмнөө тавьж байжээ.
Олон намын систем, шударга ардчилсан сонгууль, зах зээлийн эдийн засаг, иргэдийн чөлөөтэй зорчих, чөлөөтэй үг хэлэх гээд асар том зорилтуудыг өмнөө тавьж байсан. 1990 онд МоАХ-ын өмнөө тавьсан зорилт бол тэр үеийнхэнд бүгдэд нь хамаатай, нийтэд ач тустай зорилтууд байсан учир олон нийтийн дэмжлэгийг хүлээж улмаар амжилтанд хүрсэн юм. Гэтэл одоогийн Ардчилсан хүчний холбоо, тэдний гар хөл болсон Батзандан Магнай нар ямар зорилт өмнөө тавиад олон түмнийг тэмцэл хөдөлгөөнд уриалан дуудаж байна вэ. З.Энхболд тэргүүтэй АН-ынУИХ-ын гишүүд голдуу хүмүүсийн саяхан байгуулсан Ардчилсан хүчний холбоо зорилтоо олон түмэнд танилцуулахдаа улс орноо сайжруулна гэсэн утгатай ганц өгүүлбэр хэлж харагдана лээ.
“Сайжруулна” энэ үгийг гудамжинд яваа хэн ч хэлж чадна, харин Ардчилсан хүчний холбоо гэсэн сүржин том нэртэй, удирдлагад нь дандаа УИХ-ын гишүүд гээд “том” улстөрчид суусан байгууллагад бол дэндүү жижигдсэн, тодорхой бус зорилт биш үү. Эдгээр нөхдийг одоо засгийн эрх барьж байгаа Алтангадас фракцаа АН дотороосоо шахаж, Н.Алтанхуягаас намын даргыг нь булаан авч улмаар МАХН-ын засгийн газрыг хөдөлгөж, дараа нь өөрснөө МАХН-тай нэг хөнжилд орж сайд дарга нар болох гэж Ардчилсан хүчний холбоог АН дотор байгуулсан гэцгээж байгаа. Энэ их ортой байж болох талтай.
Тэгвэл Магнай, Батзандан нар энэ сарын 11-нд олон түмнийг хөөрөгдөж, жагсаж цуглан орилж хашгируулан байж засгийн газрыг огцорохоос аргагүй байдалд оруулах гэж байгаа юм байна. Ингээд үймээн шуугиан тарьж байх хооронд нь З.Энхболд, Бат үүл нар МАХН-тай үгсээд дахин шинээр байгуулагдаж Засгийн газарт өөрснөө орж авах нээ. Яг ийм сценартай үйл явдал 2008 оны долоон сарын 1-нд болсон. Хэрэв 7 сарын 1 болоогүй бол МАХН, АН хоёр хамтарсан засгийн газар байгуулахгүйгээр сонгуульд ялсан МАХН дангаараа засгийн газар байгуулах байлаа.
Сонгуульд ялсан хоёр том нам чухамдаа 7 сарын 1-нээр өөр хоорондоо наймаалцаж байж л үгсэн тохиролцоонд хүрч хамтарсан “стандарт бус” Засгийн газрыг байгуулаад өнөөг хүртэл явж байгаа. Стандарт бус гэдэг ухагдахууныг яг таг задлаад үзэх юм бол хууль бус, хэвийн бус гэсэн утгатай үг юм аа. Тэгвэл одоо АН-ынхан дундаас засгийн эрхэнд орж чадаагүй үлдсэн хэсэг нь үгсэн хуйвалдаж Ардчилсан хүчний холбоо гэгчийг нам дотроо Алтангадасын эсрэг байгуулаад одоо засгийн эрхэнд байгаа Алтангадас фракцаа хөөж оронд нь олбогон дээр нь суух үүндээ олон түмнийг уруу татахдаа гаршсан Батзандан Магнай нарыг ашиглан 7 сарын 1-ныг давтахаар санаархаж байна. Олон түмэн залуучууд бодолтой болгоомжтой л байх нь аминд өлзийтэй шүү. 2008 оны 7 сарын 1-ны хэрэг явдалд олон гэмгүй залуус хэлмэгдэж амьдралдаа хар толбо суулгаж, амь насаа ч алдсан хэрэг болсон.
Харин дээдсүүд сандал ширээгээ хувааж аваад л эвтэй найртайгаар өөрсөндөө нэг нэг тэрбум төгрөг хувиаралсан шиг найралцгааж байна. Өнөөдөр ард түмний амьдрал хүнд хэцүү, эрх мэдэлтнүүдийн хэрээс хэтэрсэн ааш аяг дийлдэхээ больсон цаг үед амьдарч байна.
Ард түмэн дуугай суугаад байхгүй нь тодорхой. Хэлэх үг хийх гэснийгээ хийх нь дамжиггүй гэхдээ хэнийг дагаж хаана ямар тэмцэл хийх вэ гэдэгтээ хариуцлагатай хандах нь зүйтэй. Нэг үеээ бодвол өнөөгийн монголын ард түмэн 1990 оны 2008 оны 7 сарын 1 ны гэсэн хоёр том түүхэн сургамжтай ардчиллын эрин үед амьдарч байна. Улс оронд өөрчлөх, засаж сайжруулах, бүр үндсээр нь өөрчлөх ч юм бишгүй нэг байгаа. Энэ бүхнийг хэрхэн хийх вэ гэдгийгээ мэргэн оюундаа сайтар тунгаах нь зүйтэй. Жагсаж болно, тэмцэж болно, бүр хувьсгал хийж ч болно.
Гэхдээ дараа нь яах вэ, ямар үр дүнд хүрэх вэ гэдгийгээ л сайтар бодож тунгаах нь зүйтэй. Улстөрийн намууд, иргэний хөдөлгөөнүүд, хувь хүмүүс олон зорилт, зорилгыг урьд өмнөхөөсөө илүү эрчимтэйгээр дэвшүүлэн гаргаж ирж байна. Нийгэмд маань ямар нэг зүйл эсвэл бүх зүйл болохгүй байгааг ард түмэн мэдэрч ямар нэг өөрчлөлтийн өмнө ирсэн мэт санагдах үе олон боллоо. Ийм цагт хүн бүр дор бүрнээ нэгийг бодож ухаалаг хүлээцтэй байх нь өлзийтэй болов уу.
Uls toroo gej . . .
ReplyDelete